Уриалга


"Хүйн радио: Одоо ба ирээдүй" бодлогын семинар

2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд болсон Бодлогын семинарт оролцогч бид энэ Уриалгыг батлав.

Хүйн радио нь нийгмийн хөгжил, хувь хүний хөгжлийн төлөө өөрийн эрх ашиг, хүсэл сонирхлоор хүйн холбоотой бүлэг хэсэгт үйлчилдэг, ашгийн бус хэвлэл мэдээллийн хэлбэр билээ. Хүйн хэвлэл мэдээлэл нь иргэдийн оролцоонд тулгуурлан үйл ажиллагаа явуулдгаараа онцлог, өвөрмөц шинж чанартай тул ардчилсан орнуудад төрийн ивээл, олон нийтийн дэмжлэг дор байж, ардчиллын соёлыг хадгалан бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Бодлогын семинарт оролцогч Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Увс аймгийн алслагдсан 10 сумын төлөөлөгч бид хүйн радиогийн тогтвортой хөгжил нь хүний тогтвортой хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулна гэдэгт итгэдэг.

  1. Moнгол Улсын Засгийн газар, НҮБ-ын "Монгол Улсын хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах" хамтарсан төслийн хүрээнд2012 оны 5 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд болсон Үндэсний хэмжээний бодлогын семинарт оролцогчдын баталж, Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн Бодлогын зөвлөмжийг бид дэмжиж, түүнд дурдсан арга хэмжээг авч үр дүнтэй хэрэгжүүлэхийг уриалж байна
  2. Хүйн хэвлэл мэдээллийн тогтвортой үйл ажиллагааны нэг салшгүй хэсэг нь ажилтан, сайн дурынхны мэдлэг, ур чадвар байдаг тул тэднийг сурч боловсроход бүхий л талаар тусалж дэмжихийг төрийн бус байгууллага, мэргэжлийн эвлэл холбоодод хандан уриалж байна
  3. Хүйн хэвлэл мэдээлэл нь тухайн нутагт амьдран суудаг иргэдэд мэдээлэл, мэдлэг түгээдэг хамгийн ойрын эх сурвалжийн хувьд төсөл, хөтөлбөрийн хүрээнд явуулж буй мэдээлэл, сургалт, сурталчилгааны үйл ажиллагаагаа хамтран явуулбал хүйн хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг хангахад үнэлж баршгүй хувь нэмэр болно гэдгийг олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудад хандан уриалж байна
  4. Орон нутагт маркетинг, идэвхжүүлэлтээ хийхдээ нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүйн хэвлэл мэдээлэлтэй хамтран, дэмжин ажиллахыг хувийн хэвшлийнхэнд хандан уриалж байна.
  5. Үндэсний хэмжээний бодлогын семинарт оролцогчид Бодлогын зөвлөмж батлан Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн билээ.

Мэдээлэлтэй, мэдлэгтэй хүчирхэг МОНГОЛ ИРГЭНИЙ төлөө хамтдаа!