Хүйн радио гэж юу вэ?

Хүйн радио бол 10% нь радио 90% хүй олны хөгжил юм.

Ардилсан нийгэмд өргөн нэвтрүүлгийн олон талт байдал, олон ургальч үзлийг хөхиүлэн дэмжихийн тулд олон нийтийн, хувийн буюу арилжааны, хүйн өргөн нэвтрүүлгийн гурван хэлбэрийг хүлээн зөвшөөрдөг.

Английн Сommunity гэдэг үгийг англи, орос, монгол толь бичиг, Я.Цэвэлийн тайлбар толийг харьцуулан судалсны үндсэн дээр ХҮЙ ОЛОН хэмээн монгол хэлнээ хөрвүүлсэн.

Хэл, соёл, зан заншил, шашин, тодорхой нэг нутаг дэвсгэрт оршин суудаг гэх мэт өөр хоорондоо ямар нэг байдлаар хүйн холбоотой хүмүүсийн нийтлэг ашиг сонирхолд үйлчилж, тэдгээр иргэдийн оролцоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн бус хэвлэл мэдээллийг хэрэгслийг бид ХҮЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ (Community media) гэж орчуулж буй болно.

Хүйн хэвлэл мэдээлэл нь иргэдийн оролцоонд тулгуурлан үйл ажиллагаа явуулдгаараа онцлог, өвөрмөц шинж чанартай тул ардчилсан орнуудад төрийн ивээл, олон нийтийн дэмжлэг дор байж, ардчиллын соёлыг хадгалан бэхжүүлэхэд чухал. Хүйн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа хүйн радиотой газруудад тэдгээр нь иргэдийн оролцоог хөхиүлэн дэмжих, соёл, хэлний олон талт байдлыг бэхжүүлэх, ядуу, эмзэг бусад бүлгүүдийн дуу хоолойг хүргэхэд онцгой, шийдвэрлэх үүрэгтэй.

Хүйн радиогийн хэрэглэгчид нь тодорхой ашиг сонирхол, газар зүйн байршлаараа хязгаарлагдсан шинжтэй байдгаараа үндэсний хэмжээний олон нийтийн өргөн нэвтрүүлгийн радиогоос ялгаатай.

Хүйн радиогийн хөгжлийн орчныг бүрдүүлж байгаа бодлого, эрх зүй, зохицуулалт нь түүнийг хүлээн зөвшөөрөх, хүртээмжтэй болгох, дэмжлэг үзүүлэх гэсэн үндсэн гурван гол шинж чанарыг агуулдаг. Нийгмийн үр нөлөө бүхий иргэдийн оролцооны хэрэгсэл болох хүйн радиог хөгжүүлэхэд хоёр чухал нөхцөл шаардлагатай болохыг UNESCO-гийн санаачлагаар бэлтгэсэн "Сайн туршлагын жишээ" номонд өгүүлжээ.

Үүнд:

· бодлогын орчин байх,

· түүний бие даасан, үр ашигтай байдлыг тасралтгүй ханган баталгаажуулах тогтвортой байдлын загвар байх ёстой.

Өргөн нэвтрүүлгийн олон талт байдлыг дэмжиж, төрийн бодлогоор зохицуулах, дэмжих хандлага дэлхий нийтээр, ялангуяа ардчилалд шилжилтийн үедээ яваа улс орнуудад өрнөж, бодлого, эрх зүй, зохицуулалтыг баталгаажуулж байна. Хүйн радиогийн тогтвортой байдлыг хангахын тулд төсвийн дэмжлэг болон холимог санхүүжилтийн механизм үйлчилдэг. Дани, Бельги, Франц, Герман, Нидерланд, Их Британи улсад төсвөөс санхүүжилт олгож, Австрали, Шинэ Зеланд улсад Засгийн газар нь Хүйн өргөн нэвтрүүлгийн сангаар дамжуулан тусламж үзүүлдэг. АНУ-д Радиогийн хүй олны үйлчилгээний тэтгэлэг, ОНӨН-ийн корпорацийн санхүү, Конгрессын үйл ажиллагаàны зардалд багтаан тусламж үзүүлдэг.

Дэлхийн хүйн радиогийн холбоо (AMARC)-ноос хүйн өргөн нэвтрүүлгийн ардчилсан хууль тогтоомжийн сайн туршлагын 14 зарчим боловсруулан гаргасан нь улс орнуудад хууль тогтоогч, идэвхтнүүдийг хууль тогтоомж боловсруулахад нь чиглүүлэх загвар болж байна.

Орчин үеийн хүйн хэвлэл мэдээллийн хөдөлгөөн анх 1940-өөд онд үүссэн түүхтэй. Тэгэхэд Боливи улс дахь цагаан тугалганы уурхайчдад зориулсан хүйн радио, Колумби улсын католик сүмийн боловсролын радио, АНУ-д арилжааны бус богино долгионы (FM) радио байгуулагджээ. Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд нутгийн иргэдэд зориулсан, алдартай, ардын радиогийн тоо Америк тив даяар асар ихээр нэмэгджээ. Эдгээрт, албан боловсролын бүтэц болон түүнд багтдаггүй боловсролын радио станцууд, нутгийн хэл, уламжлалд анхаарлаа төвлөрүүлдэг уугуул иргэдийн радио станцууд, нийгмийн хөдөлгөөний байгууллага, эмэгтэйчүүдийн бүлэг, сүм, үйлдвэрчний эвлэлийн ажиллуулдаг радио станцууд багтана.

Энэ хүрээнд ЮНЕСКО-гийн дэмжлэгээр "Глоб Интернэшнл" төрийн бус байгууллагаас Монголын үндэсний олон нийтийн радио, Радио, телевизийн сүлжээний газартай хамтран алслагдмал 10 суманд хүйн радио байгуулав. Нутгийн радиогийн үлгэрчилсэн дүрэм, эрх зүйн гарын авлага, Ёс зүйн дүрэм боловсруулан, удирдах болон хяналтын зөвлөлөө байгуулахад нь арга зүйн туслалцаа үзүүлсэн. Өмнө нь Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн, ЮНЕСКО-гийн санаачлагаар хэд хэдэн суманд ийм төрлийн радио ажиллуулсан туршлага бий.

Хүйн радиогийн хэлбэр нь манай улсад харьцангүй шинэ учир бодлого, эрх зүй, зохицуулалтгүйн улмаас түүнийг улсын бүртгэлд бүртгэх, долгионы тусгай зөвшөөрөл олгох, эзэмших, тогтвортой хөгжлийг хангахад саад бэрхшээл тулгарч байна.

Иймд хүйн хэвлэл мэдээлэл, ялангуяа радиог ажиллуулах мэргэжлийн боловсон хүчинд санхүүгийн дэмжлэг, тогтвортой үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, улс төрийн хүсэл эрмэлзлийг бий болгох, нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх шаардлагатай байна.

Одоогийн боловсруулсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөлд ерөнхий хуульд хүйн өргөн нэвтрүүлгийг зохицуулсан тусгайлсан бүлэг оруулах замаар түүний зарчим, удирдлага, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн орчинг бүрдүүлэх боломжтой бөгөөд энэхүү хүрээнд нөлөөллийн ажлуудыг зайлшгүй явуулан иргэдийн мэдээлэлтэй байх эрхийг хөхиүлэн дэмжих, бусад хуулийн хэрэгжилтэд нөлөөлөх таатай боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.